2016 оныг онцлог болгосон төхөөрөмжүүд

26-12-2016, 09:15

Оюун ухаантай, эзнээ таньдаг, мэдрэмжээ илэрхийлж чаддаг, хэзээд хөгжилдөхөд бэлэн энэхүү роботыг Козмо гэдэг.

Best Product сайтаас шинэ оны босгон дээр онцлох төхөөрөмжүүдийг нэрлэлээ. Үүний тулд мэргэжилтнүүд олон янзын туршилт, урт хугацааны ажиглалт хийсэн байна. Энэ жил Apple, Samsung брэнд супер гар утаснуудаа танилцуулсан ч цөөн гүй удаа дэлбэрч, асуудал дагуулав. Өнөө цагт олон нийтийн сүлжээ, цахим хуудас, интернэтийн ачаар хэрэглэгчийн амыг таглах боломжгүй болсон. Энэ мэт шалтгаанаар доорх жагсаалтын эхний аравт багтаагүй бүтээгдэхүүн олон байгааг анхааруулах нь зүйтэй болов уу.

Утсан холбооноос татгалзаж, цэмцгэр байдлыг эрхэмлэв 

 

1. Google Pixel and Pixel XL
Андройд утасны үнэнч хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан, онцлохгүй байхын аргагүй бүтээл бол Google-ийн гаргасан Pixel болон Pixel XL ухаалаг гар утас билээ. Эдгээр гар утас Андройд үйлдлийн системийн хамгийн боловсронгуй, ухаалаг хувилбарыг ашигладаг. Хиймэл оюун ухаанаар бүтсэн сүүлийн үеийн Google туслах, салбартаа тэргүүлж буй камер, хамгийн чанартай гэсэн тодотгол хүртсэн дэлгэц, онц сайн зайны багтаамж гээд л Pixel маш олон “шидтэй” эд. Үнэ 650 ам.доллар.

2. Bose QuietComfort QC35 утасгүй чихэвч
Bose-ийн чихэвчинд танилцуулга хэрэггүй л болов уу. Тэр орчны дуу чимээг тусгаарлах чадал, утасгүй холболтоороо алтан хэм хэмжээ тогтоож чадсан. Харин QuietComfort 35 загварын давуу талууд болоод яагаад 2016 оны онцлох 10 бүтээгдэхүүний нэгээр нэрлэснээ тайлбарлая. Чихний хэлбэрт яг л талх, масло шиг нийцсэн хэлбэр, гоёмсог үзэмж, цэнэгээ удаан барих чадвар, ямар ч хөгжмийг эгшиг алгасалгүй тоглох хүчин чадал. Энэ бол Bose QuietComfort 35. Хэдий 349 ам.долларын үнэтэй ч энэ төрөлд хамгийн шилдэг нь гэдгийг баттай хэлье.

3. Google Home
Цэмцгэр, загварлаг Google Home чанга яригч хэдхэн сарын өмнө зах зээлийг шуугиулж байсан Amazon Echo-г ардаа хийлээ. Технологийн мундгуудын бүтээл болох ухаалаг туслах Google Assitant, хөгжим тоглуулагч, цаг, сэрүүлэг тохируулах, өөрт холбогдсон төхөөрөмжүүдийг удирддаг зэрэг олон үйлдэлтэй, авсаархан эд. Үнэ 129 ам.доллар.

4. MacBook Pro
Хамгийн сүүлийн үеийн хуруу, хурууны хээ мэдрэгчтэй Mac- Book Pro илүү нимгэн, хөнгөн, хүчирхэг, гоёмсог болжээ. 13 болон 15 инчийн дэлгэцтэй энэхүү зөөврийн компьютер Touch Bar-аа шинэчилж, гараар хийх үйлдлийг илүү хялбарчилсан байна. Харин Touch ID мэдээллийн нууцлалыг сайжруулан, төлбөр төлөхөд илүү амар болголоо. Macbook сонирхогчдын хүлээлтийг Apple алдаагүй . Тодруулбал, зөөврийн компьютерууд дундаас хамгийн сайн мэдрэгч, гар, дэлгэц, цэнэгийн багтаамжийг өөртөө агуулжээ. Шинэ Macbook 1799 ам.долларын үнэтэй.

5. HP Sprocket зөөврийн хэвлэгч
Цоо шинэ HP Sprocket зөөврийн хэвлэгч бол аялж, зураг авах дуртай хэн бүхэнд байх ёстой зүйл. Та iPhone, Андройд гар утаснаасаа таалагдсан зургаа сонгоод л аппликейшнээр дамжуулан, ямар нэг утсан холбоогүйгээр хэвлэх боломжтой. Мөн хэвлэх хор ашигладаггүйгээрээ давуу талтай юм. Үнэ 130 ам.доллар.

6. Amazon Fire HD 8 таблет
Amazon-ий Fire HD 8 Android таблетын шинэчилсэн хувилбар танд таалагдах нь гарцаагүй. Найман инчийн дэлгэцтэй, хөнгөн, цоглог өнгөнүүдийн сонголттой. Fire HD-г бүрэн хүчин чадлаар нь ашиглахыг хүсвэл Amazon Prime-ийн аккаунттай байх хэрэгтэй.

7. Skullcandy Ink'd утасгүй чихэвч
Хөнгөн жинтэй, эвтэйхэн Skullcandy Ink'd утасгүй чихэвч дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг хүмүүст сайн найз нь болж чадах бүтээгдэхүүн. Энэхүү чихэвчийг нэг удаа цэнэглээд л найман цаг тасралтгүй дуу тоглуулж болно. Үнэ 47 ам.доллар.

8. Apple Watch Series 2
Apple-ийн үнэнч хэрэглэгчдийн сэтгэлийг булаасан бүтээгдэхүүн бол яах аргагүй Apple цаг юм. Apple Watch Series 2 цаг усны бүрэн хамгаалалттай, GPS-ээр тоноглож, нарны гэрлийн шууд тусгалд ч дэлгэц нь тод харагдахаар бүтээжээ. Hermes-тэй хамтран бүтээсэн, савхин оосортой классик загвараас Nike-ийн спортлог хүртэл олон сонголт танд бий. Тиймдээ ч ухаалаг цагууд дундаас цойлж, 269 ам.долларын үнээр борлуулж байна.

9. Anki Cozmo
Тамагочиг санаж байгаа биз дээ. Гэхдээ одоо танилцуулах төхөөрөмж бол Тамагочигийн дэргэд жинхэнэ ажил л гэсэн үг. Оюун ухаантай, эзнээ таньдаг, мэдрэмжээ илэрхийлж чаддаг, хэзээд хөгжилдөхөд бэлэн энэхүү роботыг Козмо гэдэг. Робот сонирхогчид программчлалыг нь судлан сэтгэл хөдлөлийг нь нэмэх боломжтой. Үнэ 180 ам.доллар.

10. DJI Phantom 4 дрон
DJI Phantom 4 d дрон 4К-аар бичдэг бөгөөд удаашруулсан хөдөлгөөнөөр бүрэн HD форматтай бичлэг хийх хүчин чадалтай. Замд таарсан сааднаас мэдрэгчээрээ холдож, хөдөлгөөнийг дагаж, 44м/ цагийн хурдтай нисдэг. Энэ төрлийн төхөөрөмжүүдээс цойлсон бүтээгдэхүүн гэдэгтэй технологийн гуру нар дуу нэгтэйгээр санал нэгджээ. 4.9 км өндөрт 28 минут зогсолтгүй нисэх чадалтай уг дрон 1400 ам.долларын үнэтэй.

Г.Сайнзаяа