Хилийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

28-12-2016, 11:51

Image result for Хилийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
 
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Батнасан танилцуулга хийсэн юм.
Ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн зарим нэр томьёог жигдэлж, дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.
 
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Б.Пүрэвдорж нарын асуултад ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар хариулт өгсөн юм.
 
Ингээд дэгийн хуулийн холбогдох заалтын дагуу ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ. Тухайлбал, хуулийн төслийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг "Хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар илрүүлсэн гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчлийг гадаадын иргэн, харьяатын байгууллага шийдвэрлэнэ" гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн хуулийн дагаж мөрдөх хугацааг зохицуулсан төслийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг "2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс" гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.
 
Энэ саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн дагаж мөрдөх хугацаа хэт тулгамдуу байгаа юм биш үү, үүний цаана хүний асуудал яригдах учраас 4 дүгээр сарын 1 болгох шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Харин энэ талаар төрийн холбогдох байгууллагын удирдлагуудын байр суурийг тодруулахад Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хүнийг халах, шилжүүлэх асуудал байхгүй. Хууль хүчин төгөлдөр болох үед хил хамгаалах байгууллагад буцаж ирэх хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн цол олгож, зохих албан тушаалд нь ажиллууллна", Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн "Хилийн боомтын тухай хуультай холбогдож 400 орчим орон тоо манай байгууллагад шилжиж ирсэн, одоо 200 гаруй ажилтны асуудал бий.
 
Тэдгээр албан хаагчдыг нэр устай нь, цалингийн сантай нь шилжүүлэх юм" гэсэн хариулт өгөв.
Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 48.5 дахь хэсгийг хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа обьектод хүч хэрэглэн халдсан, хүч хэрэглэхээр завдсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэх агуулгаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авлаа. Харин хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Ц.Гарамжав, Ж.Энхбаяр, О.Батнасан нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнгүй.
 
Ингээд Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах санал хураалтыг хуулийн төсөл тус бүрээр явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм.
 
Дараа нь Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос боловсруулсан хоёр зүйлтэй уг хуулийн төсөлд Улсын Их Хурлаас 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх чиг үүргийг гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэнтэй холбогдон бүтцийн өөрчлөлтөөр шилжсэн хилийн цэргийн албан хаагчдыг энэ хууль батлагдах хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцохоор тусгажээ. Уг хуулийн төслийг Монгол Улсын хилийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөх юм байна.
 
Байнгын хорооны хамтарсан хуралдаанаас уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гарган 77.3 хувиар дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.